Бизнес дуран
2027 онд засгийн газрын өр 57,65 их наяд төгрөгт хүрнэ

Өөрөөр хэлбэл, ирэх гурван жилд Засгийн газрын өрийн нэрлэсэн хэмжээ 60 их наяд төгрөгийн заагийг давна. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг бууруулах төлөвлөгөө нь өрийн үлдэгдлийг бодитоор багасгахаас илүүтэй эдийн засгийн нэрлэсэн өсөлттэй уялдсан тооцоололд тулгуурлаж буйг харуулж байгаа юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлага тусгагдсан байдаг. Харин Засгийн газар 2027 оны төсвийн хүрээний шинэчилсэн төсөлд өрийн хэмжээг:
2027 онд: ДНБ-ий 50% (57.65 их наяд ₮)
- 2028 онд: ДНБ-ий 50% (63.8 их наяд ₮)
- 2029 онд: ДНБ-ий 45% (63.765 их наяд ₮) байхаар төлөвлөжээ.
Ингэснээр ирэх жилүүдийн төсөөлөлд өрийн харьцааг хуульд заасан 60 хувийн дээд хязгаараас доогуур барихаар тооцсон байна. Гэвч өрийн харьцаа хуулийн хязгаараас доогуур байна гэдэг нь өрийн бодит хэмжээ буурч байна гэсэн үг биш юм. Тус төсөлд тусгаснаар Засгийн газрын өр 2027 онд 57.65 их наяд, 2028 онд 63.8 их наяд төгрөг болж нэмэгдэх ба 2029 онд 63.7 их наяд төгрөг болж, ердөө 35 тэрбум төгрөгөөр буурахаар байна. 2025 онд баталж байсан “2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026–2027 оны төсөөлөл”-д Засгийн газрын өрийг 2027 онд 52.5 их наяд төгрөг байна гэж тооцож байв. Үүнийг 2026 оны наймдугаар сард өргөн мэдүүлсэн шинэчилсэн төсөлтэй харьцуулахад уг дүнг 57.65 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хоёр төсөөллийн зөрүү 5.1 их наяд төгрөг бөгөөд энэ нь өмнөх тооцооллоос ойролцоогоор 9.7 хувиар өндөр дүн юм. Энэхүү өөрчлөлт нь дан ганц шинээр авсан зээлийн хэмжээнээс шалтгаалаагүй бөгөөд өрийн үлдэгдэлд зээллэг, үндсэн төлбөрийн эргэн төлөлт, валютын ханшийн өөрчлөлт болон өрийн удирдлагын бусад арга хэмжээнүүд шууд нөлөөлдөг. 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлд тухайн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг 5.987 их наяд төгрөг байхаар тусгажээ. Нөгөө талдаа төслийн 10 дугаар зүйлд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг дараах ангиллаар тогтоосон байна:
Засгийн газрын гадаад, дотоод зээллэг: Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.6-д заасан зориулалтаар авах зээлийн дээд хэмжээ 2.4 их наяд төгрөг.
- Гадаад төслийн зээл: Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээ 3.877 их наяд төгрөг.
- Орон нутгийн үнэт цаас: Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээ 2.555 их наяд төгрөг.
- Өрийн баталгаа: 2027 онд Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 6.4 их наяд төгрөг.
2027 оны төсвийн тухай хуулийн төслийн 13 дугаар зүйлд Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн, Засгийн газрын өрийн удирдлагын 2026–2028 оны стратегийн баримт бичгийн хүрээнд өрийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр заажээ. Дээрх тоонууд нь батлагдсан төсвийн эцсийн гүйцэтгэл биш, ирээдүйн макро эдийн засгийн төсөөлөл юм. Иймд эдийн засгийн өсөлт, экспортын орлого, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, валютын ханш, төсвийн алдагдал болон зээллэгийн бодит гүйцэтгэлээс хамаарч өөрчлөгдөх эрсдэлтэй. Засгийн газар 2027 онд төлөх 5.987 их наяд төгрөгийн үндсэн өрийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх, шинээр авах зээлийн эдийн засгийн өгөөжийг хэрхэн хэмжих, 2028–2029 онд төсөөлсөн өрийн хэмжээ бодитой эсэхийг олон нийтэд ил тод тайлбарлах шаардлага тулгарч байна. Учир нь өрийн ДНБ-д эзлэх харьцаа хуульд заасан 60 хувийн хязгаараас доогуур байх нь төсвийн тогтвортой байдлын нэг л шалгуур болохоос биш, ирээдүйд ирэх өрийн дарамт асуудалгүй гэсэн баталгаа болж чадахгүй юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү